Оршин суух хөтөч: Хэрвээ та машины осолд өртвөл юу хийх хэрэгтэй вэ?

Австралид машин мөргөлдөх эсвэл хөнгөн шүргэлцэх ч байсан замын осолтой холбоотойгоор дагах ёстой хатуу дүрмүүд байдаг.

Car Accident

Car Accident Source: Getty Images

Хэрвээ та байнга жолоо барьдаг бол замын осолд өртөх эрсдэл танд тодорхой хэмжээнд үргэлж байх болно. Энэ тохиолдолд та дараах арга хэмжээг авах ёстой. 

Машинаа аюулгүй газар байрлуулах

Замын осолд өртсөн бол хамгийн эхэнд машинаа аюулгүй газар зогсоох хэрэгтэй. Австралид осол болсон газрыг орхин явах нь эрүүгийн зөрчилд тооцогддог.

Хэрвээ орой харанхуй байвал аваарын дохиоллоо асаан бусад жолоочдод мэдэгдэх ёстой. Боломжтой бол зам дээрх аюултай зүйлсийг холдуулах хэрэгтэй.

Осолд өртсөн бүх хүмүүсийн эрүүл мэндийг шалгах

Хэрвээ та өөрөө хүнд шархдаагүй бол бусад жолооч, хажуугаар явсан явган болон дугуйгаар зорчигчдийн эсэн мэндийг шалгах ёстой. Аюултай нөхцөлд байгаагүй л бол шархдсан хүнийг хөдөлгөж болохгүй.
Somebody holding a smartphone in a car
Source: CC0 Creative Commons

Яаралтай тусламж болон цагдаагийн байгууллага руу залгах

000 руу ямар үед залгах вэ?:

  • Хэрвээ хэн нэгэн шархдсан тохиолдолд,
  • Хэрвээ нөгөө жолооч архи эсвэл эмэнд мансуурсан байгаа тохиолдолд,
  • Хэрвээ ноцтой аюул, гэмтэл байвал,
  • Хэрвээ нөгөө тал зогсоогүй эсвэл бичиг баримтаа солилцохоос татгалзсан тохиолдолд.

Хувийн мэдээллээ солилцох

Ихэнх тохиолдолд яаралтай тусламж дуудах шаардлагагүй байдаг ч хоёр тал заавал хувийн мэдээллээ солилцох ёстой. Талууд эдгээр зүйлүүдийг тэмдэглэж авах ёстой:

  • Он сар өдөр, цаг, осол болсон байрлал,
  • Нөгөө жолоочийн мэдээлэл (нэр, утасны дугаар, гэрийн хаяг, даатгал, бүртгэлийн дугаар, машины өнгө/загвар/модел),
  • Хэрвээ жолооч тухайн машины эзэн биш бол машины эзний нэр, хаяг, утасны дугаарыг мөн авна,
  • Боломжтой бол гэрчийн нэр, холбогдох утасны дугаар болон хаяг авна,
  • Хэрвээ цагдаагийн ажилтан ирсэн бол тухайн цагдаагийн нэр, цагдаагийн хэсэг, холбогдох утасны дугаар хаягийг авна. 
Машинд гэмтэл байвал гар утсаараа зургийг нь авна.

Ослын үед олон алхмууд хийх шаардлагтай болдог тул та хийх ёстой зүйлүүдийг жагсаан бичсэн цаасыг машиндаа хадгалвал тухайн үед танд амар байх болно. Car Accident Report болон iWrecked гэх хэд хэдэн апп-ууд эдгээр жагсаалтийг санал болгодог.

Хэрвээ та тухайн үед эзэн нь байхгүй машиныг шүргэсэн тохиолдолд өөрийнхөө мэдээллийг машин дээр нь үлдээгээд явах ёстой.

Ослыг мэдээллэх

Цагдаагийн ажилтан оролцоогүй хүнд ослын тохиолдолд та тухайн ослыг ойролцоох цагдаагийн газар 24 цагийн дотор мэдэгдэх ёстой. Хүнд осолд хэн нэгэн шархдаж эсвэл амь насаа алдсан, 2 тал мэдээллээ солилцоогүй өнгөрсөн, тээврийн хэрэгсэл чирүүлсэн эсвэл тээврийн хэрэгслийн гэмтэл ойролцоогоор $3000 болон түүнээс дээш зардалтай тохиолдлууд орно.

Хөнгөн ослуудыг цагдаад мэдэгдэх шаардлагагүй боловч зарим даатгалын компаниуд цагдаад мэдэгдсэн дугаар шаарддаг тул та мэдэгдэж болно.
Tow Truck Driver Lifting a Wrecked Car
Source: Getty Images

Машинаа чирүүлэх

Хэрвээ та машинаа чирүүлэх шаардлагатай бол чирүүлгийн компани руу холбогдоно. Чирүүлгийн компанийн холбогдох утасны дугаарыг машиндаа эсвэл утсандаа хадгалсан байвал зохино.

Даатгалын компанитайгаа холбогдох

Хэрвээ танд машины даатгал байгаа бол тухайн даатгалын компанитай аль болох хурдан холбоо барих хэрэгтэй. Тэд таны машиныг чирүүлэхэд заримдаа тусалдаг.

Даатгалын компанид хэрэгтэй мэдээлэл:

  • Нэрс, холбоо барих мэдээллүүд, 2 талын машины бүртгэлийн дугаарууд,
  • 2 талын машины мэдээллүүд (бүртгэлийн дугаар, өнгө, загвар, модел),
  • Нөгөө жолоочийн даатгалын компанийн мэдээлэл,
  • Ослын тухай дүгнэлт. 
Даатгалийн компаниуд мэргэжлийн хүмүүс ослыг дүгнэхээс өмнө та тухайн осолд буруутай гэж хүлээн зөвшөөрөх хэрэггүй гэж зөвлөдөг.

Хамгийн гол нь осол гарсан үед сандралгүй тайван байх нь бүх зөв алхамыг хийхэд сайнаар нөлөөлнө.

Хэрэгтэй мэдээллүүд

 


Share
Published 11 June 2018 9:57am
Updated 18 February 2019 5:07pm
By Ildiko Dauba
Presented by Danny Battsog


Share this with family and friends