Австралийн Еврейчүүдийн Зөвлөлийн CEO Alex Ryvchin, SBS Examines-т:
"Сионист гэдэг нэр томьёо еврей нийгэмлэгийн дотор ч нэг ойлголтод хүрээгүй байна." гэж ярьлаа.
Тэрээр сионизмыг дараах байдлаар тодорхойлж байна.
"Сионизм гэдэг нь еврей хүмүүс өөрсдийн өвөг дээдсийн газар нутагт өөрийн удирдах эрхээ хэрэгжүүлэх, эсвэл эх нутагтай байх эрхийг дэмжих, түүнд итгэх итгэл юм."
Сионизмын санаа 19-р зууны сүүл үед үүсэж, 20-р зуунд хөгжиж төлөвшсөн юм. Энэ нь дэлхий даяарх еврей хүмүүсийн туулсан хавчлага, шахалтад хариу үзүүлэх нэгэн хэлбэр байсан.
Энэ үзэл санаа 1948 онд Израилийн улс байгуулагдахад хүргэсэн.
Израилийн эсрэг эсэргүүцэл үргэлж байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн 10-р сарын 7-нд Израиль-Хамасын мөргөлдөөн дахин эхэлснээс хойш тус улс болон засгийн газрыг хүний эрх зөрчсөн, дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байна.
Австралийн Еврей Иргэншлийн Төвийн захирал, дэд профессор David Slucki:
"Израиль, түүний засгийн газрыг болон түүний үйлдлийг шүүмжлэх нь өөрөө антисемитизм огт биш" гэж мэдэгдсэн.
Гэхдээ тэрээр заримдаа антисемитизм нь Израилийн эсрэг шүүмжлэл хэлбэрээр далдлагдаж байж болохыг онцолсон.
Дэд профессор Slucki SBS Examines-д яриандаа хэлэхдээ:
"Сионизм болон сионизмын эсрэг асуудал нь Израилийг ямар ч болзолгүйгээр дэмжих үү, эсвэл эсэргүүцэх үү гэсэн хоёр туйл руу шилжсэн мэт байна."
"Бидний яриад байгаа зүйл ийм хоёр туйл биш. Энэ мэтгэлцээн туйлширсан байдалтай байснаар сайн, муу, найз, дайсан гэсэн сэтгэлгээнд шилжихэд хүргэдэг. Үнэндээ энэ бол үзэл бодлын спектрийн тухай яриа юм."
Шинээр байгуулагдсан Австралийн Еврейчүүдийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал, хүний эрхийн хуульч
Sarah Schwartz сионизмыг өөрөөр тодорхойлсон:
"Надад бол сионизм гэдэг нь улс төрийн үзэл санаа бөгөөд хүмүүс үүнийг хэрхэн хүлээн авах эсвэл ойлгохоос үл хамааран Палестины хүмүүсийг газар нутгаас нь хөөн гаргахыг зөвтгөхөд ашиглагдаж ирсэн."
SBS Examines подкасгийн энэ дугаарт сионизмын талаархи өөр өөр үзэл санааг судалж, Израиль улсыг шүүмжлэх нь антисемитизмд тооцогдох уу гэдгийг хөндөж байна.